Тува улсын ЭМЯ-ны урилгаар ОМИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Доктор профессор Г.Чойжамц, Манба Дацан эмнэлгийн эмч Ц.Тэмүүлэн нар “Гурав дахь мянганы Буддизмын ирээдүй, хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирлээ. Энэхүү олон улсын хурал 4-н секторт хуваагдан 80 гаруй эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцсэн байна.
Манай төлөөлөгчид “Буддизм ба уламжлалт анагаах ухаан” -ы секторт оролцон Монголын уламжлалт анагаах ухааны өнөөгийн түвшин, ололт сэдвээр илтгэл тавьжээ. Энэхүү олон улсын хурлыг Тува улсын: Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Тувагийн улсын их сургууль, Хүмүүнлэг ба нийгэм эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Тувагийн соёл мэдээллийн төв, Түвэдийг хамгаалъя сан, Анагаах ухаан нийгмийн асуудал, удирдлагын эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтан Майдар үндэсний музей зэрэг байгууллагууд хамтран 2016.09.07-09 ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус хуралд ОХУ-ын Москва, Санкт Петербург, Красноярск, Новосибирск, Улаан-Үд, Халимагаас гадна Монгол, Казакстан, Киргизстан, Эстони, Болгар, Хятад, Энэтхэг улсаас эрдэмтэд оролцжээ.
ОМИС-ийн дэд захирал Доктор профессор Г.Чойжамц хурлын даргаар сонгогдож хурлыг удирдлаа. Энэ хэсгийн хуралдаанд нийт есөн илтгэл тавигдсан байна.
Тува улсын ЭМЯ-ны ажилтан, Анагаах нийгэмлэгүүдийн удирдлагын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Куулар Ларисы Ывыевна, Тувад ажиллаж амьдардаг монгол лам Гүнчин, ЭМЯ-ны дэд сайд Монгуш Кедер Кендегович , ОМИС-ийн дэд захирал Г.Чойжамц, “Манба Дацан эмнэлэг”-ийн эмч Ц.Тэмүүлэн нар.
Светилава Людмила. ОХУ-ын гавъяат эмч.
Мэргэн Михайлович. Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.
Гавъяат эмч Зудилова Людмила Иванова илтгэл тавьсан. Тэрбээр мэдрэлийн эмч хүн байлаа.
Хомушку Ольга Матпаевна. Тус хуралдааныг зохион байгуулагч Тувагийн улсын их сургуулийн захирал
Ооржак Александр Доткан-оолович. Тувагийн Эрүүл мэндийн сайд асан, Тувагийн ДОХ-той тэмцэх төвийн захирал.
Эзэн Чингис хааны есөн өрлөгийн нэг эрэмгий баатар Сүбээдэй, Европт хийсэн аян дайнаас буцаж ирэхэд Чингис хаан өөдөөс нь тосож авсан түүхэн газрыг өдгөө аялал жуулчлалын бааз болгон “Алтанбулаг” хэмээн нэрийдсэн байна.
Sergius L.Kuzmin. Монголч эрдэмтэн орос хүн. Хуралд ихээхэн сонирхолтой тэр тусмаа Монголыг судалсан судалгааныхаа үр дүнг баримт түшин нотлож илтгэсэн их эрдэмтэй хүн байлаа. Өөрийн бичсэн, “Монголыг гамингийн дарлалаас чөлөөлөхөд Барон Унгерны гүйцэтгэсэн үүрэг” гээд их зузаан номоо энэ хурал дээр Тува улсын их сургуулийн номын санд гардуулсан.
Бичилдэ Кадыр оол. Тувагийн дэд ерөнхийлөгч. МУИС төгссөн нэрт эрдэмтэн.
ОМИС-ийн дэд захирал Доктор профессор Г.Чойжамц “Буддизм ба уламжлалт анагаах ухаан” олон улсын эрдэм шинжилгээний салбар хуралдаан ба хаалтын нэгдсэн хуралдааны даргаар сонгогдон ажилласан байна. Профессор Г.Чойжамцтай хийсэн ярилцлагыг хүргэе.
Та илтгэлийнхээ агуулгаас товч дурдахгүй юу. Ер нь тус хуралд ямар сэдвээр илтгэлүүд хэлэлцсэн бэ?
Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Манба Дацан төвийн бүтэц, үйл ажиллагаа, Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эдгэрэлтийн гайхалтай үр дүнгийн талаар мэдээллийг хүргэсэн. Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг, та бидний өвөг дээдсээс хойч үедээ өвлөн үлдээсэн мэдлэгийн их сан хөмрөг юм түүнд онцлог давуу чанар их байдаг. Та бүхэн энэ уламжлалт анагаах ухаанаа судалж Тувагийн ард түмний эрүүл энх сайн сайхны төлөө зориулаач гэдгийг уриалсан. Шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаанд аль алинд нь чадахгүй зүйл байгаа. Тэгэхээр энэ хоёр анагаах ухаанаа зэрэгцүүлээд хөгжүүлэх нь хүний эрүүл энх сайхан амьдралд хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааныг сонирхон судалсан эмч хүнд, европ анагаах ухаанаар огт эмчилж чадахгүй өвчнийг шинээр нээх боломж бий. Энэ боломжийг удмын монгол түмэн та бид ашиглах эрхтэй. Өвөг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн энэ их өв соёлоо бүгд судлах суралцах эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхийг өнөөгийн биднээс амьдрал аяндаа шаардаж байна. Өнөөдрийн энэ хурал дээр ОХУ-ын төр засаг уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэхийг зөвшөөрчихсөн юм байна гэдгийг би харж байна. Төрийн, удирдлагын дэмжлэг бол боломж төдийгүй үр дүн шаарддаг гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа төдийгүй сонирхогчидод ч олдож байгаа түүхэн үйл явц мөн. Бид ч та бүхэнтэй бүх талаар сургалт, судалгаа, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж түүхэн энэ боломжийг үр дүнд хүргэх, цаг хожиход туслахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.
Энэ хурал дээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан. Тува улсад уламжлалт анагаах ухааны дөрвөн ерөндөгийн нэг болох хануур эмчилгээг мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар хийж бас дажгүй судалгаа хийдэг юм байна. Мөн, эмийн ургамлаар халдварт өвчнийг эмчлэх чиглэлээр нилээд их судалгаа туршилт хийсэн үр дүнг танилцуулж байлаа. Түвэд анагаах ухаанаар өвчнийг ангилан үзэх зарчим гэх мэт сонирхолтой илтгэлүүд олон байсан. ЭМЯ-ны дэд сайд нь их чадварлаг, хариуцлагатай залуу сайд тус салбар хуралд оролцож нээлтэн дээр үг хэлсэн. ОМИС-тай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ онцлон тэмдэглэсэн. Хурлын дараа Автономит Тува улсын Дэд ерөнхийлөгч Бичэлдэй Кадыр оол, ЭМЯ-ны дэд сайд Монгуш Доржуев, газрын дарга Куулар Лариса Ывыевна нар ОМИС-ийн төлөөлөгчидийг хүлээж авч уулзсан.
Хурлын үеэр “Мастер класс” арга хэмжээ явуулсан нь манай Ц.Тэмүүлэн эмчийн чадварыг үнэлэх хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа байсан гэж хэлж болно. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нь маш их таалагдсан учир дараа нь судсаар оношилгоо, эмчилгээн хийлгэх бүр “Манба Дацан” эмнэлэгт ирж үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй гарч ирж байсан төдийгүй хурлын завсарлага, оройн цагаар биднийг хайсан, дараалал үүссч шөнийн 1 цаг хүртэл ажиллах үе ч гарч байлаа.
Тэдэнд ихэвчлэн ямар өвчин зонхилон тохиолдож байна вэ?
Хурлын үеэр, монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээг сонирхсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг “Манба Дацан” эмнэлгийн эмч Ц. Тэмүүлэн үзэж, заримд нь эмчилгээ хийсэн нь монголын эмч судсаар хэр зэрэг оношилж байна, тэр нь хэр зэрэг таарч байна гэдгийг сорисон үйл ажиллагаа болсон. Тэд судсаа бариулж оношоо сонсчихоод монголын уламжлалт анагаах ухааныг их гайхаж байсныг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Тэдэнд их таалагдаж байгаа нь илт байлаа. Уух эмийг зааж өгөөч, явахаас чинь өмнө нэг удаа ч гэсэн эмчилгээ хийлгэж, зүү тавиулж, массаж хийлгэж болох уу, “Манба Дацан эмнэлэг”-т яваад очвол болох уу, хэр их дараалалтай байдаг вэ, эмчилгээ ямар үнэтэй байх вэ гэх мэт асуулт бараг үзүүлсэн бүх хүн тавьж байсан шүү, Тувагийн хамгийн алдартай гавъяат эмчээс нь эхлээд маш олон хүмүүс ирж үзүүлсэн. Тэдэн дотор хүнд өвчтэй хүмүүс ч байсан, хавдрын урьдал өвчтэй, нэлээд хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй, үргүйдэлтэй, шөнө бүхэн орондоо шээгээд байгаа хүүхдээ үзүүлэхээр ирсэн хүн ч байсан. Бүгд л европ эмчилгээгээр зөндөө яваад үр дүн өгөөгүй гээд ирж байлаа. Энд ирээд эмчлүүлвэл дорхноо сайхан үр дүнгээ өгөхөөр хөнгөн эмгэгтэй хүн ч бас цөөнгүй л байсан.
Таныг, анагаах ухааны салбарын хуралдааныг даргалж оросоор илтгэлээ хэлэлцүүлсэн, мөн дөрвөн хэсэг хуралдааныхан нийлж хийсэн нэгдсэн хуралдаанд бас тэргүүлэгчээр сонгогдон англиар үг хэлсэн гэж сонссон. Олон орны эрдэмтдэд тавьсан илтгэлээсээ товч мэдээлэл өгнө үү.
Монголын уламжлалт анагаах ухааны давуу чанар, онцлогийг нэлээд ярьсан. Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг бол Дорно дахины анагаах ухаан, тухайлбал Хятад, Солонгосын анагаах ухаанаас зарчмын ялгаатай. Жишээ нь: Хятадын анагаах ухаан бол арга билгийн онол дээр суурилсан. Монголын Уламжлалт Анагаах Ухаан нь хий, шар, бадганы онол дээр суурилсан анагаах ухаан юм. Зарчим нь их ялгаатай юм. Гэтэл тэнд илтгэл тавьж байгаа бүх эрдэмтэд Түвэдийн уламжлалт анагаах ухаан гэж яриад байсан. Түвэд анагаах ухаанаас монгол анагаах ухаан ялгаатайг мэдэхгүй байна. Тийм учраас, ялгаатай байх дөрвөн том үндэслэл байна гэдгийг нь гаргаж тавьсан.
Нэгдүгээрт: Монгол бол эрс тэс уур амьсгалтай орон учраас өвөрмөц өвчнүүд байдаг юм. Энэ бол анагаах ухааны дөрвөн үндэс дотор ч төдийлөн их бичигдэж тусгагдаж чадаагүй, Түвэд эх сурвалжид ч төдийлөн дурдагдаж чадаагүй асуудал. Тийм учраас монголд тохиолддог өвчний эмчилгээний асуудал ялгаатай байхаас өөр аргагүй болчихдог юм л даа.
Хоёрдугаарт: Монголчууд малчин ард түмэн. Монголд малаас хүнд халддаг өвчин гэж байна. Мөн монголчууд, малын өвчнийг эмчлэх маш их арга, уламжлалтай. Малын өвчнийг эмчлэх туршлагаасаа хүний өвчнийг эмчлэх маш их аргыг олж хараад анагаах ухаанд ашигласан байдаг юм.
Гуравдугаарт: Монголчууд дайн байлдаан хийх, мал амьтантай ажиллах явцдаа гэмтэл бэртэл их авдаг байсан. Тэр гэмтлээ эмчлэх өвөрмөц аргатай ард түмэн. Тэгэхээр анагаах ухааны мэдлэгийн сан дотроо монголчууд өөрийн уламжлалт зан заншилтайгаа холбоотой гарч ирсэн асуудлаа шийдэх өвөрмөц давуу тал аргыг шингээж онолын зарчимтай нь холбосон байна. Үүнийгээ уламжлалт анагаах ухааны онол дээр суурилаад монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийн сан хөмрөгт оруулсан учраас үүнийг Түвэд анагаах ухаан гэж хэлэхэд төвөгтэй.
Дөрөвдүгээрт: 60 гаруй монгол эрдэмтдийн, бидэнд дамжаад үлдэж ирсэн 80 гаруй эх зохиол байна. Үүнд, сурах бичгийн чанартай бичигдсэн зохиолууд ч байна, дорно дахины анагаах ухааны тулгуур зохиолуудыг тайлбарласан зохиолууд ч бий. Энэ их өв, сан хөмрөгийг бүгдийг нь Түвэд хэл дээр бичээд орхисон байдаг. Тэр үед бичгийн албан ёсны хэл нь Түвэд хэл байж. Тиймээс манай алдарт мэргэд, оточ эмч маарамбууд өөрсдийнхөө бүтээлийг Түвэд хэл дээр бичиж туурвиад үлдээсэн байдаг. Тэр үеийн монгол хүн бүгд түвэд нэртэй байсан. Өнөөгийн бидний дотор түвэд нэртэй хүмүүс ч бас олон байдаг. Тэгэхээр Түвэд нэр дээр бичээд үлдээсэн Монгол эрдэмтдийн эдгээр номуудыг тэд түвэд хүн байжээ гээд андуураад байгаа юм. Тэр их олон сурах бичиг, тайлбар зохиолыг бид нар уншиж задалж үзээд ирэхээр Түвэд болон Хятад анагаах ухаанаас Монголын уламжлалт анагаах ухаан юугаараа илүү юм бэ гэдэг нь харагддаг.
Монголын уламжлалт анагаах ухааны онцлог давуу талыг олон улсын хуралд олон хэл дээр баримт нотолгоо түшиглэн олон өнцгөөс нь нотлон тайлбарлаж хэлэлцүүлсэн таньд баярлалаа.
“Уламжлалт Анагаах Ухаан” сонин Ш.Ариунжаргал